ТҮРҮҮ АЙРАГ


Pages

  • Home
  • Тухай

Categories

  • Бүлэггүй (117)

Archives

  • Долоодугаар сар 2010 (26)
  • Зургадугаар сар 2010 (11)
  • Тавдугаар сар 2010 (8)
  • Дөрөвдүгээр сар 2010 (3)
  • Гуравдугаар сар 2010 (6)
  • Хоёрдугаар сар 2010 (7)
  • Нэгдүгээр сар 2010 (14)
  • Арван хоёрдугаар сар 2009 (6)
  • Арван нэгдүгээр сар 2009 (3)
  • Аравдугаар сар 2009 (8)
  • Есдүгээр сар 2009 (2)
  • Наймдугаар сар 2009 (7)
  • Долоодугаар сар 2009 (5)
  • Зургадугаар сар 2009 (4)
  • Тавдугаар сар 2009 (6)
  • Дөрөвдүгээр сар 2009 (1)
  • Блогчидын холбоос

    • Морьтон.нет

Meta

  • Нэвтрэх
  • Valid XHTML
  • XFN
  • About WordPress
  • WordPress

Subscribe

  • Complete Feed
  • Comments
« Сайн Монгол адууны хүчээр дэлхийн талыг эзэлсэн баримтаас
Энэ хүлэг хэний хурдан буян бэ тааврын уралдаан »

Бурханаас заяатай хүлэг эзэн хоёр оо

md_87Энэхүү хүлэг эзэн хоёр бол Монголын хурдан морины түүхэнд өөрсдийн нэрээ дархалж үлдээсэн эрдэнүүд.
Моринд дуртай хэн ч болов Цоохүүгийн Доржсүрэнгийн Даян түмэн эх хээр морь, түүний цоллуулж зогссон наадмуудыг эргэн санах нь дамжиггүй.
90-д оны эхэн бөгөөд дунд үеүүдэд Цоогийн хүүгийн хээр морьгүй наадам бараг байгаагүй гэхэд хилсдэхгүй шахуу даа.
Хээр морь жилийн 4 улиралд байнгын эдэлгээнд байдаг хэдэн наадамд ямар ч улиралд дамжаад уралдчихдаг онцлогтой. Хэдхэн хоног сул тавьчихаар голийтол таргалчихдаг, үргэлж л ноолуулж эдлүүлж байхтай нэгэн жигд хар махтайгаа байдаг.
Унахад жоохон оёогдуу дээрээ хатуу гэж жигтэйхэн, хамаг бие зайлаад хаячихдаг хатуу явдалтай. Давхихаараа хүзүүгээ гүдийлгэж ирээд намс намс хийгээд ямар ч морьдын урд гараад явчихдаг. Өвлийн уяанд айхтар нарийн ширийн засал энэ тэр шаардаад байдаггүй эдэлгээгээрээ шахуу байгаад уралдсан ирж л байдаг. Зун бол нилээн нимгэрж шавхарч байж холын чанга уяагаар уралддаг буян байлаа. Тиймдээ ч анх Доржсүрэн гуайд ирсэн жилээ огт хөдлөөгүй.
Хүмүүс Доржсүрэнгийн нөгөө айхтар үнэтэй авсан хээр морь чинь олигтой давхихгүйн шивдээ гэсэн яриа хүртэл гарсан байдаг.
Хээр морь Жаргалантын сангийн аж ахуйн тахь, эрлийз адуу сүлэлдсэн цөм сүргийн адууны төгсгөл үеэс хурдалсан цуут их насны морины сүүлчийн төлөөлөгч болох адуу.
Үнэхээр жар далаад оноос авхуулаад Жаргалантын морин зовадын цөм сүргээс тодорсон онц хурдан их насны морьдын цувааг хөөвөл бараг ном болно. Угтаалын сангийн аж Сиеэнямбуугийн хонгор зээрд, Даваахүүгийн сайвар хээр, зандан хүрэн салхин зээрд гээд төрийн наадамд гайхуулж явсан онц хурдан их насны морьд бол яахын аргагүй Жаргалантын сангийн аж ахуйн морин зовад адуутай холбогддог.
Жаргалантын сангийн аж ахуйдаа морин соёолон түрүүлсэн жил нь тоо толгойг нь нарийн мэдэхгүй ч бүрэн тоногтой мөнгөн эмээл дээр нилээн хэдэн сайн үүлдэрийн сүүний чиглэлийн тугалтай үхэр өгч байж авсан гэсэн аман яриа дуулддаг, ямартай ч хурдан адуу айхтар үнэд ороогүй алдарт 20-дугаар тогтоолын дараахан нилээн үнэтэй эзэнтэй ирсэн хүлэг бол Партизаний сангийн аж ахуйн Цоохүүгийн Доржсүрэнгийн хээр морио.
Хээр морины тухай үлгэр домог шиг олон ярианаас товчилж түрүүлсэн гоё сайхан дурсамжаас биш факталж түрүүнээс мултарсан азгүй хоёрыг дурьдая.
1995 оны даншиг наадам буюу Өндөр гэгээн Занабазарын мэндэлсэний 360 жилийн ойн наадам. Ардчиллаас хойш Монголын нууц товчооны 750 жилийн ойн дараа болсон анхны шахуу даншиг наадам болхоор Монгол нутаг даяар л энэ наадмын хөл чимээ их, тэр хирээр өргөн дэлгэр болох нь тодорхой. Доржсүрэн уяач нутгаасаа гарахдаа саалийн хэдэн гүү голцуу адуугаа орхиод бусад адуугаа аваад явж. Тэр үед машин тэрэг айхтар элбэггүй одоонийх шиг морьдоо ачихгүй
уяа морьдоо холбож аваад наадамдах.
Хэд хоног яваад Өвөрхангай аймгийн нутгийн дээс алхахын арай өмнөхөн буудалсан шөнө хээр морь байдаггүй. Нөгөө алдсан хүн арван тамтай гэдэг болхоор элдэв бодол хургах, буруу гараар орсон өөрийн хөлөөрөө яваа эсэхийг мэдэхгүй эрэл сурал болоод юун наадамдахдаа манатай. Оройхон гэрт үлдсэн улсаас нэг нь мотицикльтой ирж хээр морь адуундаа өглөө ирчихсэн та хэдийг яасан юм бол гээд ирлээ хэмээсээр ирж.
Ганцхан шөнийн дотор хоёр зуу шахуу километр газар гүйгээд харьчихдаг овоо адуу шүү гэж дотроо бахдахын зэрэгцээ эзнээ орхиод гүйдэг морь бас байхаа хэмээн аман дээрээ мориндоо гомдолж суусан гэдэг.
Тэгээд наадам тулчихсан хээр морио нилээн шамдуухан хөтлөж явсаар ирж, уяа засал ч дүүрч.
Ямартай ч зориод ирсэн юм гээд уралдуулхад тэр том даншиг наадамд буурь заан айрагдсан билээ. Сонин адуу шүү төрж өссөн Жаргалант сумруугаа гүйдэггүй Төрийн наадамд түрүүлгэж айрагдуулж алдарын зэрэгт хүргэсэн Доржсүрэн эзнийхээ бор гэр тэдний адуун сүргийг тэмцэж гүйдэг бас л сонин адуу шүү. Ингэхээр бурханаас заяасан эзэн хүлэг хүлэг хоёр шиг санагддаг юм.
Өвлийн анхны том наадмуудын нэг болох 1996 оны Хэнтий аймгийн Дархан суманд болсон наадамд газар газрын олон хурд ирчихсэн энд тэнд цас малтаад гал түлчихсэн задгай газар дах дэгтийн доор нүдний хор гаргасан болоод хонох их уяач нар, цан хүүрэг болсон хүлэг морьдоор дүүрчихсэн. Цөөвтөр хэдэн барьсан гэрүүдэд морины хүүхэд эмэгтэйчүүдээ оруулчихсан. Анхны өвлийн томхон наадмын дүр зураг нь одоо хирэн санаанд тодхон буудаг юм. Боодлын өвс олддоггүй Пунцагбалжир агсан мэтийн хүмүүсийн ачиж ирсэн өвснүүд аль хэдийн тараад дуусчихсан.
Нилээн сурсаны эцэст овоо зайтай цэргийн ангийн хуучин хашаанд өвс байгаа сураг гарлаа, тийшээ хүн давхиулж харанхуй болсон хойно өвсөө авчирж морьдоо тэжээгээд өглөө харвал хээр морь чацга алдаад гэдэс нь хөдлөчихөж. Хүүе юу болов яая ийв гээд харанхуйд авчирсан өвсөө харвал олон жил болсоноос дотроо юу ч үгүй ялзарсан өвс байх нь тэр. Ингэж хээр морь бас нэг түрүүгээ алдаж гуравт хурдалсан сургамжтай түүх энэ. Өвлийн уралдаанд Г.Баттөмөрийн хүрэн морь түрүүлж Манлай уяач Аюушийн толгой хаядаг хээр морь аман хүзүүлж Доржсүрэнгийн хээр гурвалсан наадам аргагүй л дурсамж дүүрэн наадамдаа.

Зун болохоор Доржсүрэн уяач айраг цагаа наймаа панз эргүүлээд Нарийны ферм Шархадны ферм, Халзан Гүнт Үдлэг Ногоон толгой гээд хаа саагүй хээр морио уначихсан айл хэсээд ямар ч ажиггүй явах. Сайн таньдаггүй зарим архи уучихсан наадам болох ойртчихсон байхад ингээд явхыг хархаар хээр морио энэ жил уяахгүйнээ гэх, мэддэг нэгэн ингэж явахдаа Доржсүрэн хээр мориндоо засал хийж явдагаа гэх нь олонтой. Үнэхээр хоёр биенээ дэндүү мэдэрдэг болчихсон хүлэг эзэн хоёроо гэж.
Улсын наадмаар их насны морьд мордоход тухайн үеийн хурдан мориний хөтлөгч болох Гүрбазар Авирмэд нар Партизаний сангийн аж ахуйн Доржсүрэнгийн хээр Сэлэнгэ аймгийн орос Болдын хээр Сэргэлэн сумын Аюушийн хээр Батсүмбэр сумын Оргилын хээр морьд цээжинд ирнэ дээ гэхэд аргагүй л таавар ёсоор Доржсүрэнгийн хээр морь жил бүр Айдасын даваа Алдар толгой ороогоод олон олон жил Буянт ухаа өгсөхдөө хоёр түрүүлж гурвантай айрагдсан таавар эвдээгүй эрхэм хүлгээ, улсад гурав айрагдахад нь Морин тойруулгын хээр халзан зээрд халзан Борнуур сумын Дамдинсүрэнгийн шар хээр зэрэг морьд хоёр түрүүнд нь завсар оруулж айрагдуулсан билээ.
Зууны Манлай уяач Даваахүү гуай нэгэнтээ дурсахдаа адуунд хүн сэтгэлээ өгч хурдан морины төлөө ихийг хийсэн хүнд үр шим нь өөрт нь биш юмаа гэхэд үр хүүхдэд нь тэр буян заяан заавал ирдэгийн жишээ бол Доржсүрэн уяач юмаа. Цоохүү гэж үнэнхүү адуунд хайртай хурдан морийг ямар үнэ хайрлахгүй авдаг хүн байлаа гэвч өөрийнхөө нэрэн дээр төрийн наадамд адуу айрагдуулж хараахан чадаагүй ч хүүд нь тэр хишиг сүлдэн ирээд хүү Доржсүрэнгийнхэн морьд одоо хэрхэн давхиж байна хэмээн өгүүлсэн байдаг.
Хээр морь МИАТ-компаний нэрэмжит хаврын наадамд түрүүлж байндаа их гарын Мөнгөн эмээл аваад тэр эмээлээр нэгэн битүү хүрэн азарга авсан нь тэр жилээ буюу 1996 оны улсын наадамд айрагдаж.
1994-онд нэг хээр даагыг улсын болон бусад бүх наадамд алгасалгүй олон хол түрүүлгэсэн, энэ хээр даага тэр намраа Галын.Баттөмөр гуайд ирсэн очсон. 1997 онд Батсүмбэрийн Цоггэрэлийн хул соёолонг улсын наадамд түрүүлгэсэн зэргээс хархад үнэхээр адууны бурхан Дамдин бурхан адуунд үнэнхүү хайртай хүнийг хардаг гэдэгт бишрэмүү.

Энэхүү бичлэгээс иш татах болвол WWW.MORITON.NET TURUUAIRAG блогын нэрийг заавал дурьдах хэрэгтэй.

This entry was posted on Мягмар, Гуравдугаар сар 2nd, 2010 and is filed under Бүлэггүй. You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Сэтгэгдэл алга

Leave a comment

XHTML: You can use these tags: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

All fields marked with " * " are required.

© Copyright 2010 ТҮРҮҮ АЙРАГ All Rights Reserved
WP Theme Design by Animals Templates Sponsored by Weight Loss and SexHealthBlog.com