Сайн Монгол адууны хүчээр дэлхийн талыг эзэлсэн баримтаас
Хэдийгээр аричууд, ассирчууд, скифүүд, сарматууд зэрэг морьтон, бас дайчин ард түмэн олон байсан ч Чингисийн үеийн монголчууд шиг лут дайчин МОРЬТОН баатрууд түүхэнд хэзээ ч байсангүй.
Дундад Азийн орнуудыг эзлэх явцад Чингис хааны хоёр шилдэг жанжин Зэв, Сүбээдэй хоёр Хойд Энэтхэг хүрч, замд тааралдсан бүх ард түмнийг ялан дийлж, хөөж туусаар Дон мөрнийг гаталж, Азовын тэнгисийн эргээр Крым хүрч, дараа нь эргэж, өмнөд Оросын буюу половчуудын тал нутгаар дайран эргэж эх орондоо иржээ. Энэ бол цэрэг дайны түүхэнд хамгийн хол, гэхдээ хамгийн хурдан хийсэн аян дайн байлаа. 10 мянга гаран километр дайн тулаантай замыг монгол морь, цэргүүд хоёр жилийн дотор туулжээ.
Хуяг дуулга хоол хүнс ачсан морь өдөрт 150 километр явж байсан удаа маш олон. Монголын цэргүүд половчуудыг бут цохиход тэд киев хотод зугтан очжээ. Оросын ноёдууд нэгдэж, монголчуудтай тулалдахаар Дорнын хөндийд иржээ. Энд, 1223 оны 6-р сарын 16-нд шийдвэрлэх тулалдаан болсон юм. Энэ тулалдаанд оросууд “түүхэндээ хэзээ ч байгаагүй том ялагдал хүлээж”, монголчууд нутгийн зүг саадгүй явсан юм.
1238 онд Бат хаан гурван зуун мянган цэргээ дагуулан Орос нутагт очжээ. Монголын цэргүүд дорно зүгээс давшин Ижил мөрний болгаруудыг хядаж, 12-р сард оросын томоохон хот Рязанийг эзэлж шатаажээ. Дараа нь Коломна, Москва, Суздаль, Владимир хотуудыг эзэлжээ.
1239 оны зөвхөн 2-р сард Бат хааны цэргүүд 14 томоохон хотууд, тоо томшгүй олон тосгон сууринг эзэлжээ.
1240 онд монголчууд тухайн үеийн хамгийн том хот Киевийг эзэлж, цаашлан Карпатын нурууг давж Европ тивийн гүнд очжээ.
Сайо мөрний эрэг дээр монголчууд Унгарын хааны цэргийг бут цохиж, Польшийн хоёр ч ноёны цэргийг хядан, Доод Силезид нэвтэрчээ. Энд Германы хааны төмөр хүлэгт баатруудын цэргийг хядаж, устгаад Монголд их хаан нас барж, Их хурилдай цуглах мэдээ ирсэн тул нутаг буцсан юм.
Дэлхийн түүхэнд байгаагүй энэ их аян дайнд монголын цэргүүд эрэлхэг сайн монгол морь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн.
Үнэхээр шандаст сайн Монгол адуу бол эр зориг тэсвэр хатуужилийн туйл бөлгөө.
